Хэзээ ч дахин ирэхгүй энэ утасны дуудлага.
Нэг л намар миний ижил залуу явсан аав минь...
Аавын шар охион гэдэг сэн, айлдаа л арай цайвар нь байсан юм боловуу эсвэл балчир багадаа шар хүүхэд байгаад насны эрхээр борхон хөөрхөн Бурмаа болсон уу, ямартаа ч аавдаа л шар охин байсан даа.
Сайхан залуу байж дээ аав маань, цэв цэх нуруутай, цэргийн хүнээс илүү гоёмсог алхаатай, өндөр сайхан биетэй, амарч сууна гэж мэддэггүй, ажилсаг шаавай хүн байж.
Амралтын өдрүүдээрээ унтаж залхуурч хэвтэхгүй аанай л нэг шинэ зүйл хийж суух, ур дүй сайтай, гэртээ нэлээн их эд хогшил хийж тавьсан даа.
Шатар сайн тоглоно, надаас бусад хүүхдүүд нь шатарт мундаг байхад, би залхуудаа сураагүй болж таарах нь. Жаахан шартай болохоор хожигдохоороо шатараа цацаж шидээд байхаар тэгээд удалгүй надтай тоглох хүн олдохоо байсан байгаа л даа.
Цэл залуухан аавыг минь аваад явсан даа, өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг дээ. Үнэндээ аав минь дорхноо муудаад л бие нь өөдлөхгүй байсаар өнгөрсөн.
Гэтэл би гэдэг хүн хээр хөдөө ажлаар явж байж. Өглөө босоод гэр лүүгээ залгатал утсаа авдаг хүн байдаггүй ээ. Гайхаад залгаад л байлаа.
Тэгтэл манай аавын хар багын найз нь утас аваад
-Охин минь одоо ир дээ. Аав нь өнгөрчихлөө гэсэн сэн.
Хот руу хар хурдаараа давхиж явахдаа, уйлж чадахгүй, яагаад ч юм худлаа юм шиг санагдаад, арай л үгүй байлгүй дээ, хаанаас даа гээд зөндөө горьдож ирсэн сэн. Байрны үүдэнд зогсоод машинаас гарах зуур хөөрхий дүү минь гадаа зогсож байгааг хараад эвий энэ муу амьтан хар нялхаараа ааваасаа өнчрөөд хоцордог гээд дүүгээ үгүй мөн их өрөвдөж билээ.
Аав минь өнгөрөөд даруй арав гаран жил болжээ.
Таныг минь үгүй хооронд тохиолдсон хүнд хэцүү бүрт таныг хайж уйлдаг, баяр жаргалтай мөчүүд амжилт бүтээл болгондоо тандаа хэлэх сэн, миний муу шар охин чинь мундаг шүү гээд л хөөрөх байсан даа гэж боддог хэвээрээ.
Амьдралд хөлөө олж амжилгүй тэнтэр тунтар алхаж алдаатай оноотой, амжилт гээд гайхуулах зүйлгүй явахад минь тэртээд одсон тандаа охиноороо өнөөдөр бахархаж суугаадаа л гэж сэтгэлээ тайвшруулах юм даа.
Хол холын алсаас таныгаа дуудаад олохгүй ч
Хадгалж үлдсэн дурсамжинд минь аав минь та мөнх шүү
Хатуу жамтай орчлонгоос арай л эрт одсон ч
Хамгийн сайхан хүн таны үргэлжлэл болсондоо азтай шүү бид
Үүл үүлийн дээгүүр тэнгэрт л жаргадаг гэж итгэдэг
Үсэн буурал болчихоод биднийгээ хамгаалсаар суугаа гэж боддог
Орчлонд үлдээсэн нэр, таныхаа гишгэсэн мөрийг
Охин тань өнөөдөр дааж л явахаа хичээдэг ээ
Monday, 17 July 2017
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
No comments:
Post a Comment