Wednesday, 22 August 2018

Хүн нь муухай

Арай л уу? Гоёхон байх гэж хичээгээд болохгүй юу? Үл тоомсорлосон хажиг, их зантай бардам байлаа гээд яах билээ? Юундаа хүнээс илүү мэт авирлана вэ чи?


Чи хэдийгээр өөрийгөө тэнгэрт буй мэт төсөөлөвч хөл чинь газраа л байдгийг мартав уу?
Тэр дэнхэр толгойгоо даахгүй болохоор чинь ингээд тэнгэр газар хоёрын дунд их зангаараа дүүжлэгдсэнээ мэдээд одоо бууж ирээ.


Хүнтэй хүн шиг хүндэтгэлтэй харьцаж чадахгүй бол ядахдаа дуугай байж бай, угаасаа чиний хэлсэн онгироо үгс хэнд ч хэрэггүй гэдгийг мэдэхгүй юу?


Хүн чинь муухай санагдаад байна, би л чамд хэлнэ шүү дээ өөр хэн хэлэхгүй...

Tuesday, 21 August 2018

Зүүд дамнаж үүл хүлэглэсээр өнөөдрөө олохгүй...

Сав саарал тэнгэр
Хов хоосон сэтгэл
Чамд очих гэж яарахдаа
Өнөөдрийг мартаж амьдрана...


Үргэлж л хаа нэг тийшээ
Яарч тэмүүлж догдолно
Үс сэгсгэр төрхөө толиноос хайлаа ч
Үнэндээ өнөөдрөөс би өөрийгөө олохгүй


За сайхан зун хурдан болоосой, зав гаргаж тийшээ л явах юм шүү, за 3 долоо хоног хурдан дуусаасай, шархүү минь ирвэл хамтдаа сайхан байх юм шүү, за 10 сар хурдан гараасай ижийдээ очих юм шүү, за нөгөөдөр хурдан болоосой хагас бүтнээр жаахан юм амжуулах юм шүү...


Хайшаа ингэтлээ яараад өнөөдрийгөө мартаад байна вэ? хэрхэн яаж өнөөдөртөө үлдэх аргад суралцах вэ.


Өнөөдөр минь хаачваа?
Үнэндээ би хайгаад олохгүй
Өчигдөрийн гоё дурсамж тэгээд дуусчихлаа, дахиад  л давтаж бодоод л, эсвэл үнэндээ хэдэн зурагийн ажил, тоон дунд төөрөлдөөд өнөөдөр минь урсаад алга болчихно... Өглөөхөн орж ирээд хуралд бэлдэж суусан, яг одоо хурлаас гаргасан баахан даалгаварыг нухаад л сууж байх, надад яг одоо минь баригдахгүй, маргаашийг хэзээ ч юм тэр ирээдүйн хоногийг хүлээх хүлээлт минь саарахгүй, өчигдөрийн дурсамжиндаа хөлөө алдахаа мартахгүй. Жаргаад яваа хэрнээ өнөөдрөө хаана гээчихээд байдаг вэ.


Өчигдөрийн бүхэн санаанд тодхон хэдий ч, маргаашийн бүхэн сарвайхад хүрмээр ойрхон ч өнөөдрөөсөө л учиргүй хол амьдрах шиг...

6 жил

Зургаан жилийн тэртээ ажлын санал авч виз мдүүлээд бүхэл бүтэн 2 сар хүлээсний эцэст бүх зүйл ногоон гэрлээр явж, шинэ ажлаас онгоцны билетээ гардан авч байсан жаргалтай зун цаг байсан сан.


Харь холын хүний газар луу явнаа гээд шийдчихсэн, өөрийн гэх хэдэн ном, хувцас /тэр нь тэгээд уурхайн голдуу/, ганц хуучин компүүтэрээ чирээд, өөрийн амьдралаа 2хон чумдаанд багтааж хийгээд Шинэ Зеланд гэдэг улсын тухай огтоос мэдлэггүй шахуу гарч ээждээ үнсүүлээд ниссэнээс хойш даруй 6 жил өнгөрсөн байх юм.


Сайхан дурсамжийг бүтээж буй суугуул орондоо талархая юу.

Sunday, 19 August 2018

Хаа нэгтээ гоёлоо зүүмээр

Хааяа ч гэлээ даашинзаа углаад дэгэж дэрвэж гүймээр, хаа нэгтээ ээмгээ сэлгэж өөрийнхөө хөөрхнийг мэдэрмээр. Үнэтэй цайтай загварлаг биш ч гэлээ өөртөө тохирсон хөөрхөн ягаан даашинзаа өмсөж зүүд баригчийн хэлбэртэй ээмэгтэйгээ зүүгээд, хуримаараа аваад дахиж өмсөөгүй өндөр өсгийтөө углаад л нар сар бороо салхины алинд ч хамаагүй гараад гунхмаар...


Нэмж бас нүүрээ будаад, үсээ буржийлгаад, уруулаа өнгөлж сормуус наагаад алхмаар байна.
Нарны шингэх туяаны өмнө гараа алдалж зогсоод, нөхрийгөө миний зургийг дар даа гэж зуун удаа хэлмээр, салхинд дэрвэх сормуусны үзүүрт сайхан инээмсэглэл наачихаад, нүдээ аньж бүхнийг хоромхон зуур мартмаар байна.


Зуны үдшийг үнэрлэж, шувуудын жиргээнд согтох гэж, өндөр өсгийттэй чигээрээ уулын модоор зугаалмаар байна.


Эсвэл зүгээр л газар хэвтчихээд үүлтэй ханьсаж бас аальгүйтэж, Жин Вигморын Хагассайны инээмсэглэлийг (Gin Wigmore - Saturday Smile) сонсмоор, сэтгэлтэйгээ цуг шувуудыг дагаж үүлэн дунд хөвмөөр байна.


Би солонго сандайлж наранд хуруугаа дүрмээр... Алтлаг хуруутай болчихоод саа цацартал бүжиглэмээр байна...

Tuesday, 14 August 2018

Бид үнэндээ яах ёстой вэ?

Цэл залуухан сайхан хүний эрдэнэт амь тэгээд шилтэй цэнхэрээс амсаж галзуу бар шиг болсон нэгнийхээ гарт үрэгдэхийг бид харлаа.


Бид нээрээ яах ёстой вэ. Ажлын байран дээр архидан согтуурч, төрийн ордондоо хүртэл архидаж галзуурдаг энэ тогтсон хэвшлийг хэрхэх ёстой вэ?


Бидэнд тохиохгүй, бид баригдахгүй, бид тэгж зодолдохгүй гээд л нууж хааж уугаад сууж байгаа энэ хулгайн зангаа хэзээ болих вэ?


Хүмүүс яагаад юм уншихгүй, нүүр ном, мэдээллийн хэдэн сайтын сэтгэгдлийн хэсэгт галзуурахаас өөр зүйл хийхгүй байна вэ?


Энэ хариуцлагагүй, архичин нийгмийн энэ үеийнхнийг үхэж дууссаны дараа шинэ үе нь арай дээр байх болов уу гээд горьдоод сууж байх уу?


Миний эргэн тойрны мэддэг таньдаг хүмүүсийн төрийн байгууллагуудад ажилладаг хүмүүс ихэвчлэн гадаад дотоодод сурч төгссөн хүмүүс байдаг. Тэд яагаад шинэ зүйл санаачлахгүй буцаж очоод дундаа ороод архидаад яваан бэ?


Хэн юм хийгээд байна вэ? өөрчлөлт гарч байна уу? Надад хэлээд өгөх хүн байна уу?


Хулгар чихтэй бөхчүүдээ дагаж намирахаа болимоор байнаа, хийж бүтээх гээд яваа залуустаа дэмжлэг үзүүлмээр байнаа, захын наймаанаас хөлжсөн нэгнийг хэт тахин шүтэхээ болимоор байнаа.


Би үнэндээ хэлж мэдэхгүй юм байна. Үнэндээ яах ч ёстой юм бэ дээ. Өр зүрх л өвдөөд байх юм.


Тулга тойрсон хэрүүлээ болиод ном уншвал яасан юм бэ, Оюу Толгойгоос хэдэн төгрөг ирээд наалдах боловуу гээд хэрүүл хийгээд явахаа болиод ажил төрлийг нь хийлгээчээ.







Monday, 13 August 2018

Ээж минь

Миний жаахан буурал эжий минь. Үнэндээ бол буурал бишээ, сайхан хар гэзэгтэй цоглог бүсгүй бий.


Хаа ганц бие нь өвдлөө гэж сонсоод хийж чаддаг зүйл минь утсаар ярьж яав ийв гэж сандчихаас хэтрэхгүй намайгаа " Гүү тэгээд одоо хаа газар айлын хүн болсон хүн ажил төрлөө сайн хийгээд, биеэ сайн мэдээд, сайн л явбал болоо доо" гэдэг л юм ижий минь.


Гэхдээ л бас намайг хажуудаа байж бараа болсон бол гэж боддог бололтой хаа нэг гомдол цухалзуулах хэдий ч дороо мартчихаад сонини сайхан яриад л тэр ингэжээ энэ ингэжээ гээд л хол ойрыг өгүүлж суудаг юм даа миний сайхан ижий.


Өнөөдөр аавыгаа санаад зөндөө гунигласнаа би чинь эжийтэйгээ хүн ингэж сүүмийхгүй ээ гэж бодогдоод бас бодоод байсан ээждээ зориулж нэг их бичдэггүй санагдлаа.


Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэж сагсуураад гүйгээд явчихсан сэгсгэр охиноо хүлээж, сайн сайхныг ерөөж суудаг ганцхан эжий минь. Уулга алдаж таныгаа дуудаж хичнээн удаа өөртөө аз авчирсан юм билээ хэлж мэдэхгүй юм даа ээжээ.


Зөндөө их хайртай ч зүүдэлэхээс хэтрэхгүй яваа охиноо хүлээж л суугаарай ээжээ. Удахгүй л гүйгээд очно доо.

Аавыгаа санахуй

Нэг л намар миний л ижил залуу явсан аав минь...


Цэл залуухан хорвоо дэлхий, хайртай хань хэдэн бор үрсээ орхиод одсон өдрөөс тань хойш зөндөө олон намар уйлж инээж, дуулж хөөрдөж ирж буцсан ч гэлээ, таныгаа санах сэтгэл минь элэгдэж хоргодохгүй юм даа...


Та минь харж л суугаа даа. Таныгаа одоход хөлөө олоогүй, эмээлийн ганзага бүү хэл тохомны хормойд хүрэхгүй үлдсэн бага хүү чинь одоо зөндөө том залуу болоод өөрөө аав болчихсон ханхалзаж яваа.


Сахилгагүй, дэлчгэр шар охин чинь харин дуншиж дуншиж айлын хүн болсоон. Та минь мэдээд л байсан байгаа юм, энэ дэлчгэр шардаа л санаа зовох юм бусад нь ч тоохгүй ээ гэж ээжтэй хөөрөлддөг байхдаа л мэддэг байж. Сүүл мушгисан ч охин нь одоо айлын гэргий болж намба суусаан. Гэхдээ л та минь байсан бол, үүнийг ч үзүүлсэн бол түүгээр ч дайлсан бол гэж харамсаад л явах юм даа.


Таныгаа бодохоор зөндөө гоё дурсамжтай ч сэтгэл хүндрээд энэ л үүлээ даахгүй мэлмэрэх тэнгэр шиг л сууж байна өнөөдөр.


Охин нь тандаа хайртай даа.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...