Tuesday 28 November 2017

Гоолингоод хариулах ину

Гоолингоо хэсч яваад сая ийм асуултуудад хариулж амьдралаа эргэцүүл гэсэн байхаар нь чирээд ирлээ..
1. Чиний давуу болон сул тал юу вэ?
Давуу тал: Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсролдоо анхаарал хандуулж чаддаг, тайван учраас хэр баргийн зүйлд саваад байдаггүй...
Сул тал: Аливаа зүйлд донтохдоо их амархан. Тийм ч учраас нэлээн хэдэн жилийг тамхи татаж өөрийгөө хордуулсан, өглөө босохдоо уйлахаас наагуур юм болдог, машин барих төдийлөн дуртай биш. Хэтэрхий эелдэг, зарим үед хүмүүс үүнийг өөрт нь сайн болчиж гэж буруугаар хүлээж авсан тохиолдол бий.
2. Юу чамайг аз жаргалтай болгодог вэ?
Ажил гараас гарч, хүн болгон мундаг ажиллажээ гэж хэлэх үед, өглөө эртлэн босч манан дундуур дуртай дуугаа сонсоод гүйж явах үедээ, өглөө шинэхэн кофены үнэрээр сэрэхэд шархүү өглөөний цай бэлдээд аваад ирэх үед, лиш цэцэгний үнэр гэр дүүрэн үнэртэж, цонхоор нар тусаад л, дуртай дуу явж байх үед гээд зөндөө бас хачин гоё амттай хоол идэхэд...
3. Миний амьдралын үнэт зүйл юу вэ?
Би өөрөө, бас миний дурсамжууд, алдаа оноо бүхэн минь
4. Хэрвээ ганцхан хүслийг чинь биелүүлье гэвэл, чи юу хүсэх бол?
Ээжийн минь биеийг эдгээж өгөөч гэж хүснэ.
5. 16 настай, 20 настай, 25 настай өөртөө хандаж юу гэж зөвлөх вэ?
16 настай Күүтаа, зөвлөх юмгүй дээ, маш сайн байна энэ эрчээрээ гүйсээр байгаад өнөөдөрийн намайг бүтээлцсэнд...
20 настай Күүтаа, хайр дурлал бүтэлгүйтнэ гэдэг бол ертөнцийн төгсгөл биш, хүнээс айхгүйгээр зоригтой хэлэх үгээ хэлдэг бай.
25 настай Күүтаа ажил бол амьдрал биш шүү. Ингэж өдөр шөнөгүй сууна гэдэг бол амьдраад байна гэсэн үг биш юм. Тэрний оронд амралтаа ав ээждээ очиж золго, аавыгаа асар...
6. Чи зөв хүмүүстэй цагийг өнгөрүүлж байна уу?
Ихэнхдээ өөртэйгөө өнгөрүүлдэг болхоор зөв л дөө.
7. Чи одоогийн амьдралынхаа юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?
Сайн хэлж мэдэхгүй байна өө.
8. Хийж байгаа ажилдаа чи дуртай юу? Ажил чинь чамд ямар мэдрэмжийг өгдөг вэ?
Ажилдаа дуртай, хааяа тэвчихийн аргагүй болдог үе байх ч энэ нь хүмүүсээс шалтгаалдаг юм.
9. Амьдралаас сурсан хамгийн чухал хичээл юу байв?
Бүх зүйлд төгсгөл гэж бий. Үнэн шүү нэг л улиг домог болсон мэт санагдах хэдий ч зовлон жаргал бол түр зуурынх гэдгийг л ойлгож байна даа. Бас найз нөхдөө хайрлаж байх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгоод байгаа.
10. Чи мөрөөдөлдөө хүрэхийн төлөө юу хийсэн бэ? Ер нь чиний мөрөөдөл юу вэ?
сайн хэлж мэдэхгүй байна. Одоогийн байгаа би - г бүтээхийн тулд би маш их хөдөлмөрлөсөн. аан харин энэ ажил, амьдрал маань миний мөрөөдөл үү гэвэл бас үгүй болв уу...
11. Чи өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавьж чаддаг уу?
Хааяа, байнга чадахгүй юм аа. Ажилаас нэг их илүү гарахгүй л байна.
12. Чиний хамгийн сайхан дурсамж юу вэ?
Зөндөө л дөө одоо алиныг нь бичнээ... Анх удаа гадаадаас ажлын санал хүлээж аваад гэрийнхэндээ найзууддаа хэлж байсан өдөр их гоё өдөр байсан. Гэхдээ виза гартал хэнд ч хэлээгүй нуусан даа.
13. Амьдралдаа хэнд, юунд талархалтай ханддаг вэ?
Гэр бүлдээ Намайг хайрладагт нь, хүндэлтэгт нь, маш их талархаж явдаг
Найзууддаа энэ олон жилийн турш холын зайнаас ч хамаагүй найзын сэтгэлээ гээгээгүй өдийг хүрсэнд нь
Хайртай шархүүдээ намайг хайрладагт нь, хүссэнээрээ амьдрахад ажлаа хийхэд
Өөртөө, олхиогүй нэгэн болж хүмүүжээгүйдээ
Тэр нэгэн даргадаа намайг мэргэжлийн хүн болгох гэж их ч нухсан их ч зүйл зааж өгсөнд нь

14. Чиний хамгийн сайн чаддаг зүйл юу вэ?
Эрхлэх
15. Юу чамд урам зориг өгдөг вэ?
Хичээл зүтгэл их зүйл авчирдаг гэдэг итгэл
16. Амьдралынхаа аль үед буцаж очихыг хүсэж байна?
Эндээ хэсэг байя даа..
17. Хэрвээ алдаагаа засах боломж олдвол юуг засаж залруулах вэ?
Ганц хоёр зүйл байна гэхдээ болоод өнгөрөөд болсон хойно засаад ч яахавдээ...
18. Амьдралдаа мэдэрч байсан хамгийн сайхан мэдрэмж юу вэ?
Бүх шинэ мэдрэмжүүд
19. Амжилтад хүрэхэд чинь саад болж байгаа зүйл юу вэ?
Нэг газраа хэт удаад байна уу? Эрсдэлтэй алхам хийх дургүй...
20. Чиний амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө эсвэл чамайг өөрчилсөн үгийг хэлнэ үү.
Өөрийнхөө хийсэн бүхнийг нягталж шалгадаг бай.
21. Чи өөдрөг үзэлтэй хүн мөн үү? Аливааг эерэгээр харж чаддаг уу?
Үгүй
22. Чи хэний хажууд байхдаа хамгийн жаргалтай байдаг вэ?
Гэрийнхэн болоон шархүү
23. Ойр дотны хүмүүстээ талархал илэрхийлдэг үү? Тэднийг хайрлаж хамгаалахад өөрийн зүгээс чи юу хийсэн бэ?
Хангалттай бишээ.

Хүмүүсээс сурах зүйл их...

Хэдэн өдөр толгойгоо унжуулж бусдад гомдож суугаад хийсэн дүгнэлт гэвэл тэр хүн чамд яаж ч ямар байдлаар хандаж байсан тухайн үйл явдлаас тухайн хүнээс сурахаа сураад хаях хэрэггүй зүйлсийг хаяж сураачээ гэж л өөртөө хэлсэн явдал байлаа.


Сургамж 1
Манайд нэг тэнэг залхуу удаан хөдөлгөөнтэй ядаж байхад ямбандаа таарсан бүдүүн инженер байдаг гэж ярьсан даа. Тэр бидэн хоёр ойрд бие биендээ туньж хэсэг урд хойд уулсын дайтай хөшилдөв. Юунаас эхэлсэн бэ гэхээр би мань хүнд нэг ажил өгөөд тэгээд наян жил болоод ухнатаад байхаар нь тэсч чадалгүй өөрөө шүүрч аваад хийчвээ. Тэгсэн тэрэнд л туниад уурлаад байгаа бололтой улам удаан болсон.
Иймэрхүү цайрцан залхуу гаруудыг хаяж сур. Шахаад заагаад аа ч байхгүй ангайгаад л сууж байх юм байна угаасаа. Нас биенд хүрсэн 40 хүрсэн ийм хүн угаасаа тэгээд цалингаа аваад ажилдаа алдаг оног ирээд ингээд байж байхдаа таарсан хүн байна. Харин үүнээс сурах зүйл гэвэл ийм битгий бай. Бүү залхуур бүх зүйлд суралц, чармай.
Сургамж 2
Инээсэн бүхэн нөхөр биш, битгий хүн бүхнийг өөр шигээ бодож илэн далангүй найрсаг бай.
Сургамж 3
Хэрвээ ажил болон амьдралд асуудал гараад чи уйлмаар, эсвэл боож үхмээр санагдах үед зүгээр л хойшоо суугаад энэ бүхэн энэ асуудал таван жилийн дараа ийм чухал байх уу гэж өөрөөсөө асуу. Хэрвээ үгүй бол стресдэхээ болиод сайхан уужуу амьсгаа аваад хэрхэн шийдвэрлэж яаж ард нь гарах талаар л бод.
Сургамж4
Уураа барьж сурах нь хэдий зөв ч зарим үед дэлбэрэхэд гэмгүй гэдгийг сана. Хичнээн тайван дөлгөөн хүн ч гэсэн хүн л юм болохоор уурлах ааш гаргах нь энгийн үзэгдэл.
Сургамж 5
Хүмүүсийн амьдралд тохиолдож байгаа зүйлсийн 95% нь тэдний хувийн асуудал. Хэрвээ тэд өнөөдөр ааш гаргаад дуугарч ядаад ууртай байгаа бол тэднийг яасан юм бол доо би юу хийчихвээ гэж шаналах хэрэггүй. Зүгээр л энэ бүхэн чамд хамаагүй огтын хамаагүй байж болох шүү дээ гэдгийг санаад өөртөө л анхаарал хандуул...


За иймэрхүү л байна даа одоогоор. Сар дуусахаас өмнө гээд л шахчихлаа...

Tuesday 21 November 2017

Чамтай л учрах гэж би...

Зөндөө олон жилээр хүлээсэн дээ...
Яг чамтай л учрах гэж зөндөө төөрч хайсан сан. Хайж явахдаа унаж бүдэрч, замын тэрэнд гомдоод хотын төвөөс 13 хүртэл өндөр өсгийт дээр уйлаад гүйж явсан сан. Замын нэгэн байсан бүгдийг л үнэнч хайр минь юм болов уу гэж төөрөлдөж зүрх сэтгэл бүхнээ зориулчихаад тэдний гаргасан олхиогүй ааш, хатуу сэтгэл, тоглоомтой сонирхолд нь гомдохдоо олон өсгийтийг эвдэж, олон удаа хөл зүрх хоёроо холготол уйлж гүйсэн...
Хамгийн дотно найз минь нэгэнтээ намайг яах гэж ингэж бүх зүйлээ өгч дурладым бээ чи гэж зэмлэж байсан сан.
Аргагүй дээ, хаягдаад харуусаад уйлаад гүйж явахад минь түүний мөр миний нулимсыг тосч надтай цуг урсдаг байж...


Тэгээд тэр л нэг хангайн нар үүлсийн цаагуур нэг орж ил нэг мишээсэн хаврын хавсаргатай өдрөөр би чамтай танилцаж билээ. Сахилгагүй гэдэг нь илэрхий нэг өндөр шархүү урт шугамыг сэлэм болгож бариад л ресэпшэн охинтой тулалдаад л гараад ирсэн сэн. Анх харчихаад энэ ер нь яасан тавьтаргүй эр вэ гэж хөнгөхөн дүгнэлт хийгээд эргэсэн намайг харин чи анх хараад энэ ямар их зантай хүүхэн бэ гэж бодсон гэдэг тиймээ...


Чамд би хайртай болсноо мэдсэн тэр өдөр, зүв зүгээр л цуг зэрэгцэж хэвтээд ТВ үзэж байхдаа чиний сайхан үнэр сэтгэлд үнэртэж байсан тэр цастай өвлийн орой би  чамд анх хайртай болжээ гэж мэдсэн дээ...


Анх чи минь БЧХ гэж хэлэхдээ их харам байсан. Би : чи хэзээ хамгийн сүүлд уулзаж байгаагаа мэдэхгүй, тийм болохоор хайртай гэдгээ харамгүй хэлж бай гэж уньж тунихын хооронд хэлж суусан тэр нэг хаврын орой...
Найзын хуриманд хамтдаа очсон тэр зуны орой. Хайртай найзынхаа хуримын орчуулгыг хийж хүмүүсийн хэлсэн үгнүүдийг орчуулаад сэтгэлээ барьж дийлэхгүй өөд уруугүй уйлсан миний нуруун дээр минь гараа тавиад би чинийхээ хажууд байгаа шүү гэж түшиг өгч байхад чинь, тэр гарын чинь илчнээс чиний надад хайртайг мэдэрч, яг л тэр мөчид би дахин хөл зүрхээ холготол уйлж гүйхгүй нь ээ гэж бахархалтай нь аргагүй бодогдсон...


Олон хоногоор явчихаад ирэх бүрд нь тосч авч амждаггүй ч нэг удаа найз нь тосч авнаа онгоцны буудал дээр уулзаяа гэж хэлээд маргааш нь онгоцны буудал дээр очиход гарч ирээд тэвэрч үнсээд намайг эргээд харах хооронд өвдөг дээрээ суугаад гартаа алмааз эрдэнийн бөгж бариад Күүтаа минь ээ, би чамд маш их хайртай, Чи миний эхнэр болж намайг насан туршид минь хамгийн жаргалтай эр хүн байхыг зөвшөөрөөч гээд гуйхад чинь би дахиад л уйлж, Тэгэлгүй яахав дээ гэж хариулсан тэр нэгэн өвлийн өглөө...


Чамд би ямар их хайртайгаа өдөр болгон мэдэрдэг. Би чиний хайрыг чамайг хол байхад ч мэдэрдэг... Явсны чинь дараа энд тэнд нуугаад орхичихсон миний дуртай шоколаднууд, хаа нэгтээ хаалга тогшоод л хүргэгдээд ирдэг сайхан цэцэгнүүд, зөвхөн чамдаа л хайртай шүү, эртхэн унтаарай, битгий ядартлаа ажиллаарай гэж байнга санаа тавих чиний сэтгэл...


Чамтай л учрах гэж би, чамд ингэж л хайрлуулах гэж би, чамайг насан туршдаа хайрлах гэж би зөндөө удаан хүлээсэн байж.
Чамайгаа байгаа бүхэнтэй чинь, ааштай чинь, авъяастай чинь, халамжтай чинь, хайртай чинь олж авсандаа би өмнөх бүх шархаа мартаж жаргадагаа...
Чи миний цорын ганц шүү...

Sunday 12 November 2017

Хугас сайн өдөр

Өглөө


Үүрээр дуудсан сэрүүлгийг нам унтрааж өгөөд буцаад унтах гэсэн унтаж чадсангүй. Утсаа эргүүлж хэсэг хэвтээд босч аяга кофе хийж аваад цонхоо онгойлгож агаар оруулаад буцаад орондоо тухлав.
Карин Слаутерийн шинэ зохиолыг авсан юм түүнийгээ хэсэг уншив.


Шархүү утсаар залгалаа, халти жаахан эрхэлж аваад дахиад хэсэг ном унших зүүрмэглэхийн хооронд хэсэг орондоо хэвтлээ.


Амарч ханаад хавтгай болохоо шахсан сүүжээ арай гэж орноосоо чирч доошоо бууж ирээд өндөгтэй талх шарж идээд ажлын компьютэрээ асаагаадаа ажилдаа...


Өдөр


Өнөөдөр бүр сонин юм бүхнийг идмээр, жирэмсэн бүсгүйгээс илүү юм болж байнаа. Хэсэг ажил хийсний дараа гэнэт урам ороод нийслэл салаат хийж хэдэн пирошки хайрав.Завсар хооронд нь ажлын болон ойр зуур өмссөн хувцас, цагаан хэрэгсэлээ угаалаа. Завсар хооронд нь баахан юм идлээ.
Бас зурагтаа асааж Castle хэмээх олон ангит кино бүр эхнээс нь тавьлаа. Үүнийг үзсэн ч гэсэн хааяа ингэж дахиж үзэх үзэхгүйн хооронд суух зүгээр санагдаад байдийн.




Орой
Өдөржин идсэний дараа ингээд орой боллоо. Хоолоо шингээх санаатай гадуур хэсэг алхав. Уулын оройгоор жаргах нарны цацраг шаргалтаад л, үүлс нь улайраад л манай энд маргааш ч сайхан өдөр болох нь ээ. Хэсэг алхаад гэртээ эргэн ирж ажлаа ширтэж хэсэг суув. Ойрд ажил ихтэй байгаа болохоор ингээд заримдаа амралтын өдрүүд минь иймэрхүү өнгөрөх. Гэхдээ пирошки хайраад идцэн хүн чинь бод идсэн боохой шиг сэтгэл хангалуун гэж.


Шархүү утсаар яриад хоюулаа дараагийн хоёрдоход шархүүг ирэхээр нь юу хийх яахаа баахан төлөвлөж авлаа. Дараа нь ээж рүүгээ залгав.  Хөөрхөн ш дээ миний ээж чинь, за тэгээд миний хүүгээр юу байна гээд л сонин хачин бүх зүйлийг хамж шимж ярьсаар нэлээн орой болгов.


Аяга кофе хийж аваад Lucifer ийн шинэ ангийг үзэхээр суулаа цаг уг нь нэлээн орой болсон хэдий ч хугас өдөр юм чинь унтахгүй ээ.


Шинэ ангиа үзэж дуусаад усанд ороод, нүүр гараа тосолж аваад ор луугаа явав. Карин Слаутерийг шимтэж уншсаар байтал 1 цаг болжээ. Гэв гэнэт айдас хүрээд гэрлээ унтрааж чаддаггүй дээ.
Гэрлтэйд хэвтэхээр унтаж чадахгүй нүдний хаалт зүүхээр ялгаагүй айгаад, хөнжил дороо шургахаар бүтэж үхчих гээд ингээд шөнөжин эргэж хөрвөсөөр өглөөтэй золгов. Зүүдлээд л байсан тэгэхээр дундуур нь унтсан л болж таарч байгаан.
Зүүд нь их хөгийн.
Анхны хайраа зүүдлээд, бид хоёр нэг газар хоол идэж байхын, тэгээд анхны хайр минь миний зургийг аваад өгье гээд утсыг минь аваад дараад байх шиг байсан, гэв гэнэт би маргааш өглөө нь сэрж байх юм. Тэгээд өө сда урд шөнө тасартлаа уучжээ анхны хайртайгаа зургаа авахуулж чадсан боловуу гээд утсаа шалгах гээд хамтдаа авахуулсан зургаа олохгүй шаналаад байх юм.
Хаха, ийм ч зүүд байх гэж. Цас тэр хоёрыг дурсаж хэсэг бодсон болоод зүүдэнд ирээ юм болов уу?
Ямар ч байсан инээдтэйл зүүд байлаа...

Sunday 5 November 2017

11 сар



Улаанбаатарт минь цас орж байна гэнээ. Өглөө босоод ажил руу гарахын өмнө цаг агаар шалгасан Улаанбаатар гарч ирээд, тэгээд цас орж байгна гэдгийг харчихаад жигтэйхэн гэгэлзэв...


Сүүлийн үед цас орж байгаа гэдгийг харахаар яагаад ч юм бэ, Сарантуягаийн дуулсан "Цагаан шөнө" бүр үнэртээд байх болсон гээч...
Миний хамгийн гоё цастай дурсамж гэвэл багадаа аав ах эгчтэйгээ нийлж уулнаас чаргаар гулгаж тоглодог маань байж. Бас цастайд хөв хөлдүү автобусанд суугаад цонх үлээж дүрс зурж явах, эсвэл албаар сормуусаа цантуулчихаад өөрийгөө цасан охин болсон мэтээр төсөөлөөд л ...


Жаахан ухаан орсон хойноо сургуулиараа нэг бөөн цасан байлдаан хийгээд, миний анхны хайр нөгөө атмаан бацаан намайг далимдуулж хөтөлчихөөд л цас шидсэн хүүхдийн цас намайг онохоос өмнө биеэрээ хаагаад л энгэр нь задгай улаа бутарсан хацартай давхраатай алаг нүд улам том болчихсон юм шиг харагдаад л гүйж явсан бас санаанаас гарах биш...


Бүүр сүүлд бас л цастайд өндөр өсгийт дээр донжигонож, их дэлгүүрийн урд талын сүлд модны доор цас үнэрлээд л мөрөөдлөө шивнээд зогсож байж...


Харин бас нэг гоё дурсамж гэвэл 3 жилийн өмнө энд цас орохоор нь шархүүгээ дагуулаад цастай уулын хормой руу давхиж орчлонд байхгүй царай муутай цасан хүн урлаж, халуун аршаанд орчихоод хөл нүцгэн цасан дээгүүр гүйж шавайгаа ханатал цастай эрхэлсэн сэн...


Сүүлийн хоёр жил цастай наадаж, аальгүйтэж, эрхэлж амжаагүй л яваа юм байна...


Цав цагаахан ширхэтнүүд зөөлөн будраад л, гудамжны гэрэлд хөвөөд л гоё байгаа даа...


Цас үнэрлэх сэн...



Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...