Monday 10 September 2018

Хаа нэгтээ

***
Өдөр шөнөгүй хэлхэлдэж орж гарсан ч хамтдаа, ганц тамхиа хувааж татдаг асан тэр найзаасаа нүүр буруулалцаад нэжгээд жилийг үдсэн сэн.


Хаа нэгтээ чи минь дуугаа дуулаад л, орчлонгийн бүх эрчүүд зөрөн өнгөрөх бүртээ чамд минь дурласан тухай, үдшийн бүрэнхий хүртэл айлын хархүүтэй хамтдаа зугаалсан тухай, хартай хүүхнүүд ядаргаатай байдаг тухай, хөгийн гэхээргүй зүйл хичнээн инээдтэй тухай хэн нэгэнд ярвж л зогсоо юм болов уу даа.  Туяхан биеэрээ туяарсан үзэсгэлэнгээрээ орчлонг шагнаад л, гудамж чимээд л, өндөр өсгийт дээрээ чи минь дуу сонсоод л гунхаж л яваа даа.


***
Анхны хайр, анхны үнсэлт,ахиад олдохгүй нандин бүхнээ өгсөн арван жилийн хөвгүүн минь чи хаа нэгтээ өөрийн зохиосон дуугаа гитарын хөгтэй уянгалуулж охидыг биш үрсдээ бүүвэйн дуу аялж л суугаа байх даа. Хоргүй ч гэлээ хавийн нэгнийг шоглочихоод л, хөөрхөн алаг нүд чинь буурь сууж томоожоод, олоон жил ханилсан сайхан гэргийгээ аргаданхан их хотынхоо гудмаар алхаж л яваа байх даа. Цагаахан сэтгэлээр хаа нэгтээ онгироод л, цаад нэгнийхээ нүдэнд жаахан томорч харагдах гээд л, сэм сэмхэн над руу харц чулуудаж зогссон насан багын чинь төрх хамтдаа л явдаг байх даа...




***
Арван жилдээ танаас хэрсүү ухаан сурах гэж, аа бас нэгтээ тархиа эргүүттэл загнуулах гэж, үе үехэн намайг алаг үздэгийг тань анзаарахгүй гэж зөндөө олон дагаж байж хэдэн сургамж, тоо бодох арга заалгаж байсан алаг нүдэн багш минь. Хөөрхөн ганц хүүгээ өөхөнд ороохоос илүү хайрлаж, дүрлэгэр алаг нүдээрээ жаахан мууг нь хялам хийчэхээд, ганган охидын хичээлийг гараас нь хөтөлж хийлгэдэг сэн тэр хэвээрээ яваа боловуу та. Зэвүүн үгийг харамгүй шидчихээд, цөхөрсөндөө уйлсан намайг ангиас хөөн гаргаж байсан тэр зангаа тэр жилтэй цуг мартчихаад, тооны ухаанаа ардын хүүхүүдэд заагаад л торомгор нүдээрээ орчлонг шагнаж л яваа байх даа та.


Хачин өдөр байна, хамгийн дурсмааргүй хүмүүсийн тухай бодогдов.

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...