Monday 18 June 2018

Хэзээ ч билээ...

Чамаас өөр хэн ч үгүй мэт
Чимээнээс өөр ямар ч ханьгүй мэт
Гүн харанхуй шөнөөс гэнэн төрхөө хайж
Гэнэтхэн чамайг зөндөө ихээр санасан


Гуниглаж дуусаад үсээ шидлэн инээмсэглэхдээ
Газар газрын сар нэг л өнгөөр гэрэлтдэгийг
Чамд хэлэхээр яарахдаа цалгиулсан дарсны
Час улаан дусал нулимс шиг дусалсан...


Хэзээ ч билээ чамдаа хэрэг болгож илгээсэн
Хайрын үгтэй захидлыг минь хэнэг ч үгүй базаад шидсэнийг
Хол хожмын дурсамжаас өрөөлөөс олж сонсоод
Хоолойд зангирсан нулимсанд чимээгүйхэн бүдэрсэн...


Уйлж дуусаад хундагаа аваад эргэхэд
Уусан дарсны амт хөнгөхөн дуу аялдаг
Хаана ч билээ чамтай дахин таарахгүй гэсэндээ
Халамцуу орчлонгийн гүн лүү чамайг мартахаар оддогоо...


Хэдээн жилийн өмнө бичиж байж... Өнөөдөр Нүүр ном сануулж гаргаж ирж байна. Хэн нэгэнд онцгойлон зориулаагүй гэдгээ мэдэх юм. Хааяа хааяа нэг гэгэлздэг байсан байгаам хөөрхий одоо ч сэгсийгээд улам л завгүй болоод байх болж.


Завгүй юм шиг атлаа завтай юм шиг амьдрал хөвөрсөөр.. Үүл шиг нүүж, хийсэж зарим хэсэгт нь уйлж наршиж, цэлмэж гэрэлтэж бүүдийж, цэлмэж л яваа өдрүүд минь.


Хоног тоолох уу надтай?
Холын жинд яарах шиг
Хорвоогийн өдрүүдийг урт гэж
Хоосон дурсамжийг бага гэж
Хоног тоолохуу надтай?


Зүгээр л гүйхүү надтай
Маргааш л чи минь ирнэ гэж
Маргаан үгүйгээр үлдэнэ гэж
Зөндөө алс руу тэмүүлнэ гэж
Зүгээр л гүйх үү надтай...


Өнөөдрийг л ганцхан үнэн гэж
Үүнээс илүүгий нь хүлээлтгүй гэж
Ирээдүй рүү яарах хэрэггүй гэж
Илүү үгээр надад цэцэрхэлгүй
Хамтдаа хоног тоолохуу?



3 comments:

  1. заримдаа утга авцалдаагүй юм бичигдэнэ шүү.

    ReplyDelete
  2. Gegelzeed l bn u da hongorhon Zolboo min. Haaya hungun sanaashrah ch zugeer shu. Bichih aviyastai yum chin bichih l heregtei, dotoodo sullah sn gsn. Goy bichdeg shu chi

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ, энэ хэдэн жилийн өмнө гэгэлзэж байжээ. Гэхдээ тээ хааяа гэгэлзэх зүгээр л гэж боддий ш дээ. :)

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...